Friday, 2024-04-26, 1:13 PM
Welcome Guest | Registration | Login

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ КЛУБ

Publisher

Main » Articles » My articles

“Эрүүл орчныг бүрдүүлэхэд залуучуудын оролцоо”

Амьдрах эрүүл орчныг бүрдүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоо

Өнөөгийн Монгол орны тэр дундаа бидний оршин суугаа нийслэл хотын хүн амын дунд жил ирэх тусам өвчлөл нэмэгдэж байгаатай хэн ч маргахгүй байх аа. Энэ нь юуны өмнө мэдээж хэрэг бидний амьдарч буй орчин нөхцөлтэй шууд холбоотой. Эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай манай орны хүмүүсийн хувьд амьдрах орчин нь эрүүл байхгүй юм бол амьдрахад улам л хэцүү байх нь ойлгомжтой. Эрүүл цэвэр орчинд амьдрах юм бол хүн өвчлөх нь бага байна шүү дээ. Гэтэл монголчууд бид өнөөдөр эрүүл орчинд амьдарч чадаж байгаа бил үү? Харамсалтай нь үгүй юм. Үнэнийг хэлэхэд төр засаг маань энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа. Тиймээс байгаль орчинд тулгараад байгаа олон асуудлыг эх орныхоо залгамж хойч үе болсон залуучууд бид л шийдэх хэрэгтэй. Юуны өмнө бид өөрсдийн ажиллаж амьдарч буй орчноо сайжруулах нь их чухал. Гэхдээ үүний тулд заавал ямар нэгэн том зүйл хийх гэж зүтгэх шаардлагагүй. Аливаа юм үргэлж багаас л эхэлдэг шүү дээ. Хамгийн наад зах нь л гэхэд хүн болгон идсэн чихрийнхээ цаасыг гудамжинд биш хогийн саванд хаях юм бол хотын гудамжаар хог хөглөрөхгүй. Залуучуудын дунд нийтлэг ажиглагддаг бас нэгэн муу зуршил бол гудамжинд шүлсээ хаях. Энэ нь хотын өнгө үзэмжийг үнэхээр гутаадаг гэхэд болно. Бүгдээрээ шүлсээ хаяхаа больчихвол хот маань ядаж цэвэрхэн харагдана даа. Орчин тойрноо их сайхан болгож чаддаггүй юм аа гэхэд соёлтой байж түүнийг бохирдуулахгүй байхыг л хичээх хэрэгтэй. Харин сайхан орчинд амьдрахыг үнэхээр хүсч байвал илүү ихийг санаачилж хийцгээе. Оюутнууд сургуулийнхаа орчин тойронд мод тарьж, түүнийгээ өөрсдөө арчлан ургуулбал үр ашигтай байх болов уу. Нэг талаар энэ нь хотынхоо өнгө үзэмжийг сайжруулж байгаа хэрэг бөгөөд нөгөө талаар хотын утааг багасгахад бага ч гэсэн хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Мөн оюутан залуус амралтынхаа өдөр анги хамт олноороо цуглан хотын янз бүрийн газруудын хогийг цэвэрлэж, иргэдийг хог хаяхгүй байхыг уриалах, амьдарч буй орчноо хэрхэн эрүүл цэвэр байлгах талаар янз бүрийн хурал цуглаан зохион байгуулах гэх мэтийн ажлуудыг өөрсдөө санаачлан хийж байвал маш сайн. Нэг үгээр хэлэхэд, залуучууд хүрээлэн буй орчноо сайжруулах тал дээр хэдийчинээ их идэвхи зүтгэл гаргаж, бүтээлчээр хандана, тэдний хийсэн ажил төдийчинээ их үр дүнгээ өгнө.

Нийслэлийн тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй хог хаягдал юм. Сүүлийн хэдэн жилийн дотор хот маань хогондоо дарагдсан гэж болно. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарыг хоггүй хот болгохыг нилээд оролдсон боловч хэрэглэсэн аргууд нь үр дүнгээ өгөөгүй билээ. Харин одоо энэ асуудлыг шийдэхэд залуучуудын шинэлэг санаа хэрэгтэй байгаа нь улам их мэдрэгдэх болсон. Миний бодлоор хамгийн үр дүнтэй арга нь хогныхоо мөнгийг төлөлгүй хогоо ил задгай хаяж буй хүмүүсийг илрүүлж өндөр торгох замаар шийтгэх ба хогийг тогтмол хугацаанд байнга ачиж хог бөөгнөрөхөөс сэргийлэх байж болох юм. Ер нь ихэнх гэр хорооллын оршин суугчид хогон дунд амьдарч байгаа нь үнэн. Тиймээс хогноосоо салахын тулд иймэрхүү дорвитой арга хэмжээ авах цаг нь хэдийнэ болжээ.

Сүүлийн үед нийслэлчүүд өвлийн улирлыг хүндхэн давдаг болсон. Энэ нь мэдээж хэрэг хотын утаатай холбоотой. Өвөл болгон л хэн хүнгүй “Хотын утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Улаанбаатар маань Утаанбаатар болж хувирлаа” гэх мэтчилэн ярьдаг болчихоод байгаа. Нээрээ л хоолой хорсгом хотын утааг яаж амьсгална аа гэж бодохоос л олон хүнд хотоос холдоод явчихмаар санагддаг байх шүү. Энэ том асуудлыг шийдэх гэж манай төр засаг хэдэн ч өвөл янз бүрийн л санаа дэвшүүлсэн. Харамсалтай нь “Хэлэхэд амар, хийхэд хэцүү” гэгчээр одоо болтол утааг багасгаж чадаагүй байна. Харин ч янз бүрийн санал дэвшүүлж, цаасан дээр төсөл бичиж суусаар байтал хотын хүмүүс “уушгигүй” болох аюул тулгараад байгаа билээ. Тиймээс одоо ингэж цаг хугацаа алдахын оронд тэр олон дэвшүүлсэн санаагаа ажил хэрэг болгох цаг хэдийнэ болсон. Үүнд мөн л залуучууд бидний оролцоо маш чухал. Судалгаагаар өвлийн улиралд Улаанбаатарын утаа 2-5 дахин нэмэгддэг болох нь тогтоогджээ. Мэдээж үүний ихэнх хувийг гэр хорооллын утаа эзэлж байгаа. Бид гэр хорооллын айлуудад бага утаатай түлш болон зуух хэрэглүүлэн, мөн айл өрхүүдийн цахилгааны мөнгийг хөнгөлж тусгай тарифаар цахилгаан эрчим хүчээр халдаг систем нэвтрүүлэх буюу газрын сайн төлөвлөлттэйгээр гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй. Утааг багасгах өөр нэг арга нь бүх автомашинуудыг үзлэгт хамруулж их утаа хаядаг автомашинуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглох буюу утаа гаргадаггүй автомашинуудыг түлхүү нэвтрүүлэх. Нийслэлийн хүн ам өсөх тусам автомашины тоо ч өсч байна. Энэ автомашинууд агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол эх үүсвэрийн нэг нь юм. Тиймээс хотын зам дээрхи автомашинуудын тоог цөөлөх хэрэгтэй болжээ.

Хэрэв залуучууд бидэнд ажиллаж амьдрах орчноо эрүүл байгаасай гэсэн чин хүсэл байгаад хүн бүр тэр хүслээ биелүүлэхийн төлөө тууштай тэмцэж чадах юм бол бид зарим нэгэн хоосон амлагч улстөрчдөөс хавьгүй ихийг хийж, өөрсдийнхөө эрүүл амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж чадна гэдэгт би итгэлтэй байна.

Залуучуудад тулгамдаж буй асуудал

Залуучуудын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд нилээд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Оюутнуудын гадаадад суралцах, сургалтын янз бүрийн тэтгэлэг болон зээл авах гэх мэт асуудлууд энэ байгууллагуудаар заавал дамжиж байж шийдэгддэг. Тиймээс энэ байгууллагуудын залуучууд руу чиглэсэн үйл ажиллагааг аль болох дэмжих тал дээр төр анхаарах хэрэгтэй. Өнөөгийн залууст тулгараад байгаа хамгийн түгээмэл асуудлууд бол сургалтын төлбөрөө төлөх, ажлын байр олох болон орон сууцтай болох байдаг гэхэд болно. Төрийн бус байгууллагууд эдгээр асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор залуучуудын дунд янз бүрийн тэмцээн уралдаан, тэтгэлэгт хөтөлбөр зэргийг санаачлагаараа аль болох их зарлаж байвал сайн гэж би боддог. Тэр тэмцээнд бүхий л талаараа хамгийн шилдэг нь байж чадсан залуучуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм уу нийгмийн асуудлаа шийдвэрлэхэд нь өөр ямар нэгэн байдлаар туслах хэрэгтэй. Ингэснээрээ тэд ирээдүйн чадварлаг сайн боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг юм. Харин төрийн байгууллагууд залуусыг гадаадад суралцуулах тал дээр их анхаарч ажиллаасай гэж би боддог юм. Үүний тулд гадаадын аль болох олон улс оронтой оюутан сургах гэрээ байгуулж, засгийн газрын тэтгэлгийг аль болох олон оюутанд хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Одоогийн байдлаар манай улс гадаадын хэд хэдэн оронд засгийн газрын тэтгэлгээр оюутан сургадаг боловч энэ орнуудын тоо дэндүү цөөхөн бөгөөд тэтгэлэг маш цөөхөн тооны оюутанд очдогоороо дутагдалтай.

Өнөөгийн залуус чөлөөт цагаа хаана өнгөрөөх вэ гэдэг нь бас нэг тулгамдсан асуудал болчихоод байна. Үнэндээ тэнд гээд хэлчихээр тохиромжтой газар олдохгүй байгаа. Энэ нь шөнийн цэнгээний газрууд олшроход нөлөөлдөг. Чөлөөт цагаа өнгөрөөх олигтой газар олдохгүй болохоор нь оюутан залуус ихэвчлэн диско клуб, бар цэнгээний газрыг сонгодог билээ. Иймээс л залуус архидан согтуурч, танхайрах, улмаар согтуудаа хүний аминд хүрэх гэх мэтийн ноцтой гэмт хэрэг үйлдэх нь цөөнгүй. Хайран сайхан залуу насаа ийм байдлаар өнгөрөөж байгаа нь дэндүү харамсалтай санагдах юм. Хэрэв тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх эрүүл орчин байсансан бол тэд ингэж амьдрахгүй л байх байсан. Сургуулиуд дээрээ оюутнууд өөрсдөө ийм орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл янз бүрийн оюутны клуб, нийгэмлэгүүдийг байгуулан түүндээ сургуулийнхаа оюутнуудыг хамруулж ажиллавал сайн байна. Тэгвэл залуус суралцаж буй мэргэжлийнхээ чиглэлээр янз бүрийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөж байх болно. Мөн сургуулиуд оюутнууддаа зориулан спортын төрөл бүрийн секц, дугуйланг тогтмол хичээллүүлж байвал залуус чөлөөт цагаа өөртөө ашигтайгаар өнгөрөөхийн зэрэгцээ эрүүл чийрэг иргэн болж төлөвшинө.

Нийслэлийн залуучуудын оюуны боловсролд тулгамдаж буй асуудлууд

Гадаад орны хүмүүсийг ажиглаад байхад тэд өөрсдийнхөө эх орноор маш их бахархдаг юм билээ. Өндөр хөгжилтэй орнуудын иргэдэд “эх оронч үзэл” үндэсний сэтгэлгээ сайн хөгжсөн байдаг нь учиртай. Магадгүй энэ нь тэдний хөгжлийн нууц байж ч болох юм. АНУ-д л гэхэд төрийн далбаа нь албан байгууллага болгоны ширээн дээр байдаг нь америкчуудад эх оронч үзэл хичнээн сайн хөгжсөн болохыг харуулж байна. Тэгвэл манай монгол залуус эх орноороо хэр их бахархдаг бол? Уг нь ч өөрсдийгөө Чингисийн удам, хөх толбот монголчууд хэмээн нэрлэх дуртай боловч яг хэрэг дээрээ тэдэнд эх оронч үзэл тааруухан хөгжсөн байдаг. Би автобусанд явж байхдаа хоёр залуугийн яриаг санамсаргүй сонссон юм л даа. Гэтэл тэдний нэг нь “Монголд ингэж зовж явахаар гадаадын баян айлд нохой болоод төрчихгүй яав даа” гэдэг байгаа. Үүнийг сонсоод би үнэхээр их харамссан. Залуус нь ийм сэтгэлгээтэй болчихоор улс маань яаж ч хөгжих вэ дээ. Юуны өмнө залуучууд өөрсдөө эх орноо гэсэн чин сэтгэлтэй болох хэрэгтэй байна. Бид эх орондоо сайхан амьдрахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл бид монгол хүн болж төрснөөрөө бахархдаг байх ёстой. Эх оронч үзлийг залуус бие биедээ төлөвшүүлэх хэрэгтэй. Үүний дараагаар ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудыг бүр жаахан байхаас нь л эх орноо хайрлах сэтгэлтэй болгож хүмүүжүүлэх нь хамгийн сайн арга юм. Хүүхдүүд багаасаа л “Би том болоод эх орондоо хэрэгтэй сайн хүн хүн болно” гэсэн бодолтой өсөх юм бол ирээдүйд эх оронч үзэлтэй иргэн болж төлөвшинө шүү дээ.

Эх орноо гэсэн сэтгэлтэй залуус бидний дунд олон байгаа. Харамсалтай нь тэдний дуу хоолой иргэдэд болон төр засгийнханд тэр болгон хүрч чаддаггүй. Тэгээд ч тэдний гаргасан шинэлэг санааг үнэлэх хүн ховорхон байдаг. Уг нь эх орны маань хөгжилд тэдний санаа багагүй хувь нэмэр оруулах байх даа. Тиймээс залуус өөрсдийнхөө санааг аль болох өргөн дэлгэр сурталчилж, олны сонорт хүргэж байх хэрэгтэй байна. Үүний тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд ард түмэнд тэдний үгийг хүргэж, тэднийг дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ хамгийн гол нь төр засаг тэдний гаргасан шилдэг санааг ажил хэрэг болгож амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал юм. Ингэсэн цагт ирээдүйд бид Монголдоо дэлхийн өндөр хөгжилтэй орны иргэдээс дутахгүйгээр сайхан амьдрах бүрэн боломжтой шүү дээ.

Written by Ichka 2008 on
Category: My articles | Added by: munkhdalai (2008-10-05)
Views: 4314 | Comments: 2 | Rating: 0.0/0 |
Total comments: 1
1 тм  
0
давгүй болжээ

Name *:
Email *:
Code *:
RSS

Catalog categories

My articles [34]
ЭССЭ [0]
Клубын гишүүдийн бичсэн эссэнүүд
Зөвлөгөө [0]
Клубын гишүүдийн бичсэн зөвлөгөөнүүд

Login form

Search

Site friends

Our poll

Rate my site
Total of answers: 17