Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Ихэнхи хүмүүс энэ үгтэй санал нийлэх байх л даа. Гэхдээ бид өвчнөөс өөрсдийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой шүү дээ. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хүн амын дунд өвчлөлт эрс нэмэгдсэн нь хүмүүс эрүүл мэндээ хамгаалж чадахгүй байгааг харуулж байна. Тиймээс бид бол өвдсөн хойноо харамсах биш харин аль болох өвдөхгүй байхыг өөрсдөө хичээх хэрэгтэй.
Мэдээж хэрэг өвчин үүсэх шалтгаан олон янз. Гэхдээ хүний амьдарч буй
байгаль цаг уурын нөхцөл өвчлөл үүсэх гол шалтгаан болдог гэхэд нэг их
хилсдэхгүй байх. Өнөөдөр дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод
байгаа дулаарал нь ихэнхи өвчлөлийг үүсгэж байна. Харамсалтай нь хүмүүс
үүний талаар мэдлэг багатайгаасаа болж өөрөө ч анзааралгүй байж байгаад өвчин тусах нь бий. Ус, хоол хүнс, шавьжаар дамжин хүнд халдварладаг төрөл бүрийн өвчнүүд
сүүлийн үед их гарч байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Монголчуудын
дунд бол ялангуяа ус болон хоол хүнсээр дамжин халдварлах өвчнүүд
зонхилж байгаа юм. Усаар дамжин халдварладаг өвчний жишээ гэхэд л бидний сайн мэдэх суулгалт өвчин байна. Уг нь бид эдгээр өвчнүүдийг тусахгүй байх бүрэн боломжтой шүү дээ.
Хэрвээ
бид эрүүл байя л гэж хүсч байгаа бол өөрсдийн амьдралын хэв маягаа
өөрчилж эрүүл амьдрах хэрэгтэй. Үүний тулд бид явган их явж, дасгал
хөдөлгөөн их хийж, мөн зөв хооллох нь чухал.
Монголчуудын тостой хоол их иддэг нь өвчлөлийн нэг шалтгаан болдог.
Тиймээс мах бага идэж, эрүүл хүнсийг сонгож хэрэглэх нь зүйтэй. Хүний
биед маш хортой мөртлөө бид бүхний өдөр тутмын хэрэглээ болсон зүйл бол яахын аргагүй хуванцар сав баглаа боодол, гялгар уут билээ. Эрүүл аж төрөхийг хүсэгчид эдгээрийг хэрэглэхээс ч бас татгалзсан нь дээр шүү.
2001 онд хийсэн судалгаагаар өнгөрсөн зуунд дэлхийн цаг агаар 0.6⁰-0.2⁰С-аар нэмэгдсэн бол одоо бидний амьдарч буй хорин нэгдүгээр зуунд энэ тоо 1.4⁰-5.8⁰С
болтлоо нэмэгдэх юм байна. Магадгүй энэ тоо хүмүүст тийм ч аюултай биш
мэт санагдаж болох юм. Гэвч энэ эрчээрээ явагдах дулааралт нь
Антарктидын мөсийг хайлуулж, дэлхийн далайн түвшинг ихэсгэж, улмаар
далайн эрэг орчмоор амьдардаг ард түмнийг сүйрэлд хүргэх аюултай байгаа.
Харин монголчууд далайд гарцгүй оронд амьдарч байгаа гээд санаа амарч
ердөө ч болохгүй. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дарга “Уур
амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн асуудал юм.” гэсэн байдаг. Цөлжилт
бол Монголд нүүрлээд байгаа том аюул учраас бид ч бас дэлхийн
дулаарлаас болж эрүүл мэндээрээ хохирч байна.
Эцэст нь дүгнээд хэлэхэд, бид нэг л дэлхий дээр амьдарч байгаа. Хэрэв бид
дэлхийгээ эрүүл байлгахгүй юм бол өөрсдөө ч эрүүл байхгүй. Тиймээс
дэлхийн бүх хүмүүс дэлхийгээ аврахын төлөө хүч нэгтгэн тэмцэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол бид өөрсдийнхөө ч, бусдын ч эрүүл мэндийг хамгаална гэдэгт би бүрэн итгэлтэй байна.